Бидний тухай

Бидний тухай

Эрхэм СОНГОГЧ танд энэ өдрийн мэнд хүргэе. Сонгогчийн боловсролыг дэмжих СОНГУУЛИЙН МУЗЕЙД зочилсонд баярлалаа.

Чөлөөт, бие даасан, аливаа улс төрийн нам эвсэл улс төрчдөөс хараат бус, 100 хувь залуусын санаачилгаас бий болсон “Сонгуулийн музей”-г танилцуулахад таатай байна.

Энэхүү музейг 2015 онд нийтлэгдсэн “Сонгуулийн музей байгуулъя” нийтлэлийн агуулгад тулгуурлан “Цогц Хөгжлийн Үндэсний Төв”-өөс санаачлан байгуулж байна. Уг музей нь Монголын анхны цахимд суурилсан музей бөгөөд, сонгуулийн музейн агуулгаараа олон улсад анхдагч санаачилга болох юм.

Монгол Улс 1990 оны 7 дугаар сард анхны чөлөөт ардчилсан сонгуулиа явуулснаас хойш өдгөө 2020 онд УИХ-ын 8 дахь, 2021 ерөнхийлөгчийн 8 дахь сонгуулиа хүлээж байна. Сонгууль, сонголт бүрээс ирэх 4 жилийн улс нийгмийн өнгө төрх харагддаг ч иргэд, сонгогч бид 4 жилийн өмнөх сонголтоо эргээд санаж чаддаг уу?

Улс төрийн боловсролын нэгээхэн чухал хэсэг нь “УЛС ТӨРИЙН ОЙ САНАМЖ” юм.

“Улс төрчид” дараагийн сонгуульд “байдгаараа” бэлтгэж, бэлэн амлалт, уран үгээ зэхэж байна.

Улс төрчдийг өөрчлөгдөхийг хүлээснээс тэднийг сонгодог хүмүүсийг өөрчлөх нь хялбар гэдэг. Тиймээс сонгогч бид өөрсдөө өөрчлөгдье. “Сонгуулийн музей”-ээр зочилж үе үеийн сонгуулийн амлалтууд, уран үгс, мөрийн хөтөлбөрүүдийг эргэн санацгаая.

Дараагийн удаа музейд үзмэр болох биш амьдрал дээр ажил хэрэг болох ЧАНАРТАЙ, ХЭРСҮҮ, УХААЛАГ сонголтыг хийцгээе.

Уг зорилгын дор сонгогч таны хийсэн сонголтыг эргэн сануулах “Сонгуулийн музей”-г байгуулж байна.

Эрхэм зорилго

Сонгогчийн боловсролыг дэмжих “Сонгуулийн музей” нь зөвхөн бодит баримтыг дэлгэн харуулж, иргэдэд дахин худал амлалтад өртөхгүй, уран үгсэд хууртахгүй байх дархлаа тогтоох эрхэм зорилготой.

ХАРААТ БУС
Бид аливаа улс төрийн нам, эвсэл, улс төрчдөөс хараат бус, чөлөөт үйл ажиллагаатай байж: Дэлхийн олон улсад салбарлах, Монголоос түгсэн сайн туршлага болохуйц улс төрийн боловсрол олгох, мэдээллийн төв байна.

ҮНЭН БОДИТ
Бид зөвхөн үнэн бодит мэдээлэл, олон нийтэд түгсэн баримт, үзмэрүүдийг танилцуулна.

ШУДАРГА
Бид зарчимдаа үнэнч ажиллана. Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн, үндсэн хуульт ардчилсан нийгмийн үнэт зүйлийн дархлаа болж ажиллана.